Цөмийн эрчим хүчний ашиг тусыг олж мэдэхээр Францад явсан тэмдэглэлээсээ хуваалцая. Цөмийн эрчим хүчний түлш олборлож, үйлдвэрлэж, атомын цахилгаан станц руу нийлүүлдэг олон улсын тэргүүлэх компанийн төвд ч зочиллоо. Орон нутагт ураны хайгуулын нөхөн сэргээлт хийсэнтэй танилцлаа. Гадаад түнш орнуудаасаа (тэр дотор Монгол хүндтэй байр эзэлж байна лээ) олборлодог ураны хүдрийн боловсруулалт, шинжилгээ, лабораторийн явцтай танилцлаа. Эцэст нь Өмнөд Францадцөмийн эрчим хүчний түлшний үйлдвэрлэлтэй танилцлаа.
Анзаарагдсан нэг зүйл байна. Байгаль орчинд ээлтэй, хамгийн бага бохирдол үүсгэдэг хоёр төрлийн эрчим хүчний эх үүсгэвэрийн тухай Европт ид ярьж байна. Орос гэдэг ханган нийлүүлэгчээсээ үүрд салсан мэт сэтгэгдэл төрөхөөр ярьцгаах аж. Шавхвал бас нөөц гарч ирж байна. Атомын цахилгаан станц моодонд орж байх үест олныг байгуулаад, дараа нь түр хаачихсан байснуудаа эргэж нээж байна гэхчлэн.
Энэ дунд Франц цөмийн эрчим хүч, түлш боловсруулалтын гайхамшгийг үзүүлэгч болж тодорчээ. Тэрхүү хоёр эх үүсгэвэр гэдэг нь 1) Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр. 2) Цөмийн эрчим хүчийг сэргээж ашиглах хувилбар ажээ. Сэргээгдэх гэдэг нь нар салхиных. Гэхдээ цөмийнхийг бодвол сул тал олонтой гэнээ. Тухайлбал тогтвортой биш, найдвартай биш, үйлдвэрлэлийг хүссэнээрээ удирдаж болохгүй. Европ шиг өвөл нар бага үздэг бол энэ төрлийн эх үүсвэр ажиллахгүй. Наргүй, салхигүй болоход яах вэ гэдэг том стресс. Илүү зарлага. Үүнээс гадна ийм эх үүсвэрээс гаргасан цахилгааныг хуримтлуулан хадгалдаг технологи өндөр түвшинд хөгжиж чадаагүй. Иймээс цөмийн эрчим хүчтэй хослуулан хэрэглэх ёстойг европчууд зөвлөж байна.
Уур амьсгалын өөрчлөлт гэдгийг Европт ид ярьж байна. Нүүрсний цахилгаан эрчим хүч, агаарын бохирдол, хүлэмжийн хий, озоны цоорхой гээд цаашаа гинжин урвалаар явж өгөх юм билээ. Иймдээ тулсан учраас эрчим хүчний эх үүсвэрүүдийн ач холбогдол, эрэмбийн асуудал ид босч ирж байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэе гэвэл хамгийн шалгарсан аргаа сонго, тэр бол цөмийн болон сэргээгдэх эрчим хүчийг хослуулан хөгжүүлэх явдал хэмээн зөвлөж байна. Тийм учраас эдийн засагтаа цөмийн эрчим хүчийг бүрдэл хэсэг болгож авч үзэх ба нэг талаас хүлэмжийн хийг багасгангаа нөгөө талдаа эрчим хүчний хязгааргүй эрэлтийг хангах боломжтой гэж үзэж байна.
Эдүгээ шинэ нөхцөлд, шинэ тулгалт дор (Оросоос хамааралтай) ураны үнэ, ураны зах зээл тогтмол өсч тэлжээ. Энэ хэрээр эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ нэмэгджээ. Европ эрчим хүчин дээрээ шинэ тэнцвэр хангаж чадах эсэхээ энэ өвөл шалгана. Цөмийн эрчим хүчний сэргэлт эхэлсэн, ураны худалдаа ид эрчээ авч байна.
Энэ алтан үеийг (зурвас үе бүү байгаасай) зөв оновчтой ашиглах нь Францын Төрийн бодлогын торгон агшин гэж үзэхээр байна. Ямар ч атугай гадаад бодлогынх нь салшгүй нэг чиглэл болсон байна. Учир нь цөм-атомын цахилгаан станцууд 5-10 жилээр түүхий эдээ тооцоолон худалдан авдаг, энэ урт хугацаанд тогтвортой хийгддэг гэрээний үнэ өссөн, тэр хэрээр Франц нь цөмийн эрчим хүчний 1-р тоглогч болох боломж бодитой буй болно. Эрчим хүчийг эрхшээсэн тэр улс дэлхийн бодлогод жинтэй тоглогч болно.
Уур амьсгалын өөрчлөлттэй дэлхий даяараа нэгэн дуугаар тэмцэх цаг ойртох тусам ураны бизнес цэцэглэх магадлалтай. Тэр бизнесээ эрсдэлгүй хийх нь өөр асуудал. Гэхдээ л урт хугацаанд үргэлжлэх тогтвортой бизнес байх юм. Яг одоогийн байдлаар дэлхий дээр 442 цөмийн цахилгаан станц ажиллаж байна. Шинээр 51 цөмийн реактор баригдаж байна. Мөн 30 гаруй улс орон цөмийн эрчим хүч хэрэглэж эхлэхээр байна. Манай мэт жижиг улсуудад шинэ технологи нэвтрүүлсэн жижиг ба дунд оврын реактор бүрэн тохирно. Манайд уран байна. Технологи ба үйлдвэрээ оруулаад ирвэл уг нь 3.5 сая хүний эрчим хүчний хэрэгцээг хангах нь асуудал биш хэмээн үздэг.
Цаг хугацаа гялалзтал яваад байдаг. Бид хойд хөршөөс эрчим хүчний хамааралтай, түүндээ түүртээд дотооддоо будлиад байдаг. Үүнийг эцэслүүлэхэд цөмийн эрчим хүч тусална гэсэн санаагаар би олон жил бичсэн дээ. Манай улсын хувьд ураны олборлолт ноцтой том сорилт биш юм. Учир нь дэлхийн тэргүүлэгч Францтай энэ салбарт хамтран ажиллаж байгаа учраас дээр бичсэнүүдээс зүгээр л анхан шатны мэдээллээ аваад эргэцүүлчих. Францтай хамтран ажиллах гол нөхцөл болсон хөрөнгө оруулалтын гэрээний явц удаашрах нь хамтын ажиллагааг тэр хэрээр арагш чангаана. Энэ хооронд дэлхийн ураны бизнес, ураны үнийн өсөлтийн алтан боломжийг бид алдсаар байх болно. Нөхцөл байдал 10 гаруй жилийн өмнөх алтны зах зээлийг санагдуулдаг. Ураны үнэ өсөхөөс өмнө, өссөн хойно хоёр ондоо зураглал бууж байна.
Ураны дэлхийн эрэлт, нийлүүлэлтийн одоогийн зураглал ингэж буудаг. Хойд Америк–Европын Холбоо–Зүүн Ази. Зүүн Ази дахь нэг тоглогч, экспортлогч, хэрэглэгч нь Монгол байгаасай гэсэн санаагаар би бичээд буй хэрэг. Учир нь нүүрлэн ирж буй ирэх он жилүүдийн цөмийн эрчим хүчний гол тэнцвэржүүлэгч нь хүч түрэн орж ирэх Хятад байх болно гэсэн тооцоо судалгаа хэдийнэ хийгдсэн. Хятад нь 2060 оноос өмнө хүлэмжийн хийгээ бүрэн хязгаарлах тухай амлалт дэлхий нийтийн өмнө авсан. Тэр хэрээрээ цөмийн салбарт томхон хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн. Ирэх жилүүдэд Хятад нь дэлхийн ураны хамгийн том зах зээл болох боломжтой ба тэр боломжийг хил залгаа Монгол хамгийн түрүүн шүүрэн авч яагаад болохгүй гэж? Монгол-Хятадын хамтын ажиллагаанд ийм бизнес бий болго л доо.
Одоо байгаа 442, удахгүй ашиглалтад орох 51 атомын цахилгаан станцыг түлшээр тасралтгүй хангахын тул 2040 он гэхэд дэлхийн ураны эрэлт жилийн 100 мянган тонн (одоо 60 мянган тонн байдаг) болж нэмэгдэх төлөвтэй байна.
Манай Монгол дахь ураны нөөц ба чанар дэлхийн шилдэг 10 ордын нэгд тооцогддог гэсэн албан ёсны мэдээлэл буй. Энэ хавийн бүс нутагт манайтай өрсөлдөх нь Казахстан, Узбекистаны ураны салбар байна. Манай хамгийн ойрын өрсөлдөгчид гэх үү дээ. Гэхдээ БНХАУ-тай шууд хил залгадаг, хамгийн ойрын түнш гэдгээр манайд давуу тал бий. Хятадын өсөн нэмэгдэж, тэлж буй ураны зах зээл манай ураны олборлолт экспортын төслийг хурдацтай урагшлуулж чадна.
Орано майнинг компанийн ерөнхийлөгч Николас Маестай хамт
- Францын Орано нь гадаад гурван улс дахь 4 уурхайд олборлолт явуулж байна. Уул уурхайн Бизнес нэгжид нийт 3000 гаруй ажилтан ажиллаж байгаа бөгөөд үүнд манай Монголын “Бадрах Энержи” компанийн 100 ажилтан багтана
- 2021 онд нийт 6814 тонн уран олборлосон бөгөөд Орано группын Уул уурхайн Бизнес нэгж нь дэлхийд ураны олборлолтоор тэргүүлэгч гурван компанийн нэгд багтдаг
Уран улс орон бүрт байдаггүй ч байгаа хэдэд нь дэлхийн зах зээлийн үнэ бага байсан нөхцөлд ашиггүй тусч байсан бол одоо энэхэн зурвас үед нөхцөл байдал шал өөр болсон байна. Хэрэвзээ монголчууд бид энэ алтан мөчлөг, ирэх жилүүдийн трендийг алдах л юм бол тийм боломж ойрын жилүүдэд дахиж гарч ирэхгүй.
Ураны зах зээл тийм том хэмжээтэй биш бөгөөд цөөн хэдхэн тоглогчтой, хаалттай зах зээл гэдгээр бид анхаарлаасаа гаргаж огт болохгүй. Иймээс энэ цаг үеийг алдах л юм бол ямар том боломжуудыг бид ашиглаж чадахгүй өнгөрөөх эрсдэлтэйгээ тооцох учиртай. Цөмийн эрчим хүчний багахан тоглогч Монголыг төсөөлөөд бичиж байна.
Удахгүй ашиглалтад орох 51 атомын цахилгаан станцын дараагийн 52 дахь нь Монголынх байвал мөн сайхан аа! Гэгээн мөрөөдлөө илэрхийлье!
- Үргэлжлэл бий
Эх сурвалж: baavar.mn