“Мон-Атом” ХХК нь “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх” стратегийн ач холбогдол бүхий орд газруудад төрийг төлөөлж ажиллах чиг үүрэгтэй төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан.
Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хүрээнд цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгийг өсгөн нэмэгдүүлэх, түүнийг энхийн зорилгоор олборлогч, боловсруулагч, экспортлогч улмаар тэргүүлэгч орны нэг болох, нөлөө бүхий улсуудын стратегийн сонирхлыг буй болгох, Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой.
Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт хувьцааны 34, 51-ээс доошгүй хувийг төр үнэ, төлбөргүй эзэмшихээр заасан.
Дээрх чиг үүргийн хүрээнд төрийн төлөөллийг БНФУ, БНЧУ, БНХАУ зэрэг улсуудтай хамтарсан компани байгуулах зарчмаар хэрэгжүүлж байна.