Хоёр. ХОРИОТОЙ ХОТОД

Жирийн эрхтэнтэй оросын гэрт.

…Дорнод аймгийн төв дээр манай сонины өөр нэг ажилтан дөрөө нийлсэн нь “Үнэн” сонины Эдийн засгийн тоймч Г.Жамц гуай. Архангайн“бор” Жамц гэхээр олон хүн андахгүй. Жамц гуай маань тэнд хилийн цэрэгт байгаа хүүгээ эргэх бас давхар ажилтай. Тэрбээр жигтэйхэн ажил хэрэгч, зүгээр суудаггүй нэгэн. Зав зай л гарвал амжуулан, мэдээ сурвалжлагаа бичиж сууна. Гэтэл би болохлоор юмыг хойш тавимтгай, цагийг тулгаж сандран хийдэг алмай нэгэн байх. Ямар сайндаа л үзсэн юмныхаа хамгийн сонин байж болох хэсгийг гуч гаруй жилийн хойно ийнхүү бичиж суухав дээ.

     Бид хоёр нэг буудалд буусан боловч манай хүнд ширээгүй өрөө таарчээ. Юмаа бичих гэтэл ширээ алга гээд, өөр өрөө хайтал буудал дүүрэн байж таарав. Миний өрөө ширээтэй байсан тул дуртайяа солилоо. Жамц ах маань сонинд гаргах мэдээ сурвалжлагаа түрүүчээс нь бичиж эхэллээ. Харин би буудлынхаа булан тойруут анх тааралдсан хүнийг хараад надад ширээ ерөөсөө хэрэггүй байсныг ойлгов.

   Их сургуулийн дотуур байрны анд П.Алтангэрэл маань зогсож байдаг байгаа. Хожим УИХ-ын гишүүн болсон тэр нөхөр. Тэднийх зочид буудлын залгаа байшинд амьдардаг бөгөөд эхнэр нь томилолтоор Улаанбаатар явжээ. Нэгэнт “Алтангэрэлийн даллага” авагдсан хойно орчуулагч зохиолч Ж.Нэргүй, яруу найрагч Замбалгарав энэ тэр санаандгүй тааралдах нь гарцаагүй болов. Харин Нямсүрэн ах (яруу найрагч Д.Нямсүрэн) Эрээнцаваасаа ажлаар ирээд байсан нь ёстой гайхалтай тохиол боллоо. Бас оюутан цагын танил ах, миний шүлгийг сонсох дуртай Ганбаяр ахынхаар орохоо мартсангүй. Физмат төгссөн, жигтэйхэн нямбай тэр ах, шалихгүй бичээч намайг учиргүй хүндлэн, Дорнод орох бүрийд нямбайлан хадгалсан ганц юмаа гарган дайлдагдсан. Тэр үед хатуу ундаа гээч нэн ховор учир “ганц юм” хэмээх ёгт нэртэй, ганц нэгээрээ л олддог юмны нэг байлаа. Одоо юм юм элбэгшээд, тэрэн шиг гээд зүйрлэх ховор юм алга болжээ. Аа тийм юм бас байна хөөе! Хөл хорионы үед чөлөөтэй зорчдог КьюАр код шиг гээл бодчиход дөхөх юм байна. Ийнхүү нэг дурсамжит өдрийг ширээ сандлын ямар ч хэрэггүйгээр өнгөрөөлөө.

     Жамц ах маань намайг Халх гол явахын өмнө уулзаад “Ах нь араас чинь очно. Хоеулаа чадвал Мардай орно” аминчлан ярьсан юм. Дорнод аймаг дахь Нийгмийн аюулаас хамгаалах хэлтсийн дарга нь Жамц ахын нэг ангийн хүүхэд юм байна. Өөрийн машинаар, хамт явах болсон гэнэ. Аймгийн дарга нар ч эдэлдэггүй эрхтэй том хүн байлаа, тэр. Манай Аюулаас хамгаалахынхан Мардайг тагнаж хянаж байсан гэхээсээ илүү БНМАУ-ын тагнуулын тогтоц нь Зөвлөлтийн КГБ-ын гадаад салбар маягтай байснаар энэ эрх мэдэл тайлбарлагдах болов уу?

  Ингээд хаврын нэгэн сэнгэнэсэн өглөө Чойбалсан хотоос хойш чиглэн гарсан замаар, улсын нууцын гүн рүү давхин одлоо.

    Урд орой нь Дорнод аймаг дахь “Үнэн” сонины сурвалжлагч И.Батсүхийнд бид хоёр очсон юм. Батсүх гуай бол зохиолч, уран бүтээлч төдийгүй, ардын домог яриаг сонирхон цуглуулдаг, угсаатны зүй сонирхдог, уулзаж ярихад өгөөжтэй хүн байлаа. Тэрээр Мардайд очиж үзээгүй бөгөөд нутгийн хөгшид “Хөгнийн шилд нутагласан хүн нас насалдаггүй байсан” гэх аман домог сонссноо хуучилж билээ. 

    Харин “Мал сайн таргалдаг газар байсан, даанч Оросууд хаалттай хот байгуулаад отор нүүдэл хийх боломжгүй болгосон” хэмээн өвөр зуураа ярилцдаг байсныг бас дурссан.

    Хоёр домог хоюулаа уянгын халилтай санагдсан шүү. Учир нь Аюулаас хамгаалах байгууллага өөрөө нийтийн оюун санааг залуурдах зорилгоор олон домог цуурхал тараагч байсан санагддаг. Нутгийн иргэдийг тийш зүглүүлэхгүйн тулд “Хөгнийн шилийн домог”-ыг тараасан байх магадтай.

    Харин “Мал сайн таргалдаг” домог нь бол нутгийн иргэд, гадаадынхан нутаг орныг нь эзэмшсэнд дургүйцснээс үүдэн гарсан байх. Хамгийн сайн бэлчээр, мал таргалдаг нутгийг нь Зөвлөлтийнхэн булаасан гэх маягаар.

    Харин өнөөгийн “Ураны хайгуул хийхээр олон толгойтой төл гардаг, үнээ малын дундаж наслалт багассан” тухай домгууд бол тэр үед гараагүй, зохиогчид нь ч эхээс төрөөгүй байсан болно.

    Харин ч Дорнод аймаг малыг таван төрөл дээр нь өсгөх тухай намзасгийн даалгаврыг нэр төртэй биелүүлж байсан цаг. Аюулаас хамгаалахын хурц хараанаас гадна Цагдан сэргийлэх, Намын хянан шалгах хороо, Ардын хянан шалгах хороо, Эвлэлийн төв хорооны Хянан шалгах төв штаб зэрэг төрийн түмэн нүдэн дор амьдарч байсан тул малын толгойны тоо биеийнхээ тооноос зөрөх юм уу, хөлийг нь дөрөвт хуваахад үлдэгдэлтэй гарч байвал дорхноо илрэх байсанд итгэлтэй байна.

    Зөвлөлтийн армийн хувцастай, зэвсэглэсэн харуул бүхий хэд хэд поостыг нэвтрээд бид Мардай буюу ЭРДЭС хэмээх эмх цэгцтэй, эгнүүлсэн барьсан дан сууц голлосон цэвэрхэн тосгонд ирлээ. Ухаандаа Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн хот Эрдэнэт нэртэй байдаг шиг Мардайн урааны ил уурхайг түшиглэсэн хотхон Эрдэс нэртэй байсан хэрэг. 

                     Зураг дээр Эрдэс тосгоны ерөнхий байдал харагдаж байна.(Архивын фото)

Тэр үед зэвсэглэсэн орос цэргээр хамгаалуулсан хаалттай бүс бол БНМАУ-д хэвийн л зүйлийн нэг байлаа. Монголчууд “Зөвхөн Зөвлөлтийн иргэд ордог” тусгай үйлчилгээ, дэлгүүрт дасал болж, төрөлхи нутагтаа хоёрдугаар зэрэгт эрэмблэгдсэндээ дургүйцэх нь бүү хэл харин ч эсрэгээрээ, яаж ийгээд “орос дэлгүүрт орох үнэмлэх авах” хэмжээнд “өсч дэвшихсэн” л гэж санааширдаг байсан цаг.

Явсан замаа төдий л сайн ажигласангүй. Бидний нүдийг боож барьсан юм огоот биш. Угаасаа Уаз 469 машины арын суудалд суусан хүнд өмнөх замын жаахан хэсгээс өөр юм харагддаггүй шүү дээ. 

Өглөө ундаа уугаад гарсан боловч ам айхавтар цангаж явлаа. Тэр нь өмнөх өдөр нь цангаагаа арай л тайлснаас болсон хэрэг. Айл юм уу, хоолны газар таарвал хүйтэн юм жаал залгилахсан гээд л.

     Манай машин давхисаар нэг жижиг байшинтай айлд ирлээ. Аюулаас хамгаалахын даргын найз айл нь гэнэ ээ. Орос тосгоны айлын л хэв шинжит дүр гэмээр. Жирийн амьдралтай эхнэр, нөхөр хоёр орос, жаахан хүүхэдтэй айл байв. Томчууд нь хэвийн тооны гар хөлтэй, хүүхэд нь нэг л толгойтой, эв эрүүл хөөрхөн жаал. Байдлыг харахад, нэг их том албан тушаалтан гэхээргүй. Харин яаж яваад Монголын Аюулаас хамгаалахын том даргатай, гэр орноор нь орж гардаг найз болсныг бурхан л хэлэх байх. Гэхдээ, тэр цаг чинь Бурхангүй социалист нийгэм байсан болохоор нууц хэвээр үлдэг дээ.

    Сүүлд бодоод байхнаа, нөхөр нь жигтэйхэн уран гартан, НАХ-ын даргын гэрт тавилга энээ тэрээ хийж өгөөд, тэгээд найз болсон гэсэн ч билүү, нэг тийм юм санаанд ороод байна.

     Орос айлын сайхан зантай гэргий нь биднийг ирмэгц хоол хийж дайлах цайлах ажилд орлоо. Яагаад, хоол хийснийг санаад байна гэхээр миний ам цангасан хэвээрээ байсан юм. Гэтэл, орос эзэгтэй цай аягалахын оронд шууд хоол хийж эхэлсэн тул санаад байгаа. 

"Энд Эрдэс хотхоныг байгуулна" гэсэн бичигтэй шав-хөшөөний дэргэд хөргөө татуулсан Зөвлөлт гэр бүл.(Архивын фото)

Тэр айл урьд өмнө үзээгүй сайхан хоол хийсэн нь юу байсан гээч, аарцаар хийсэн банш байсан юм. Амттай гэж яана аа. Хожмоо, түүнийг дууриаж хийх гэж хэд хэд оролдоод бүтэлтэй болоогүй тул одоо ч амт нь санааны гүнд байгаад байгаа юм. Араас нь байхуу цайгаар дайлсан боловч ам цангасаар үлдэв. Одоогийнхоор бол Дорноговьд “урааны хайгуул хийсэн газрын аюулт хоол”-ноос ч давсан аюултай, бүүр урааны ил уурхайн хотхоны хоол идээд л яваа хэрэг шүү дээ. 

Дотор цэлмээх “цацраг”-тай ундаа

Ингээд, аяллын оргил хэсэг буюу Эрдэс хотхоны орос дэлгүүрт орох боллоо. (Энэ зуур мөнөөх Аюулаас хамгаалахын хүн хэсэг гарч яваад ирсэн нь зохих хүмүүстэй уулзсан хэрэг байх) Орос дэлгүүр бол тэр үеийн монголчуудад ховор олдох аз завшаан байсан юм. Өнөөгийнхтэй жишвэл ядруухан ч гэсэн, монгол хүнд тэр бүрий олдоггүй, олдсон ч даргын цохолтоор авдаг ховор живэр хүнс, бялуу бусад бараа тэнд л байх.

     Хамгийн түрүүнд жүржийн ундаа авлаа. Бүүр “Эрдэс хотхоны Эрдэс үйлдвэрт хийв” гэсэн шошготой жүржийн ундаа. Эрдэс хотхон юм юмтай, бүүр өөрийгөө хангадаг хүнсний үйлдвэртэй байж таарав. 

     Сэнгэнэсэн сайхан ундааг дотроо цэлмэтэл залгиллаа. Одоогийнхоор бол хоёр толгойтой тугал гаргадаг газрын, ураанаар баяжсан ундаа болох гээд байна.Үнэхээр л ураанаар баяжуулсан жүржийн ундаа гэж байдаг бол дотрыг ч харин зассан юм шиг засна шүү дээ, тэхх. 

       Дээр үед, Москва явсан өвгөн сэтгүүлч “Пээ, Москва гэдэг чинь гайхамшиг. Тав алхаад л нэг орос дэлгүүр. Монгол хүнийг зүгээр оруулдаг гээд л бодчих” хэмээн гайхуулсан гэдэг шиг Эрдэс хотын орос дэлгүүрийн баяныг яана аа! Очиж чадсан монгол хүнийг пороомсог шалгалгүй оруулсныг бас яана!

     Манайд үзэгддэггүй орос чихэр, пэчээнь… ч дүүрч. Бүүр жинс байсныг яана. Тэндээс “Avis” хэмээх бичигтэй жийнсэн өмд, дэгжин оёдолтой улаан цоохор цамц авч, “алтан Москва орсон хөдөлмөрчийн сайчууд” гэдгээс дутахгүй башийлаа.

     Мэдээж уурхай муурхай нь орох сачий бол дутна шүү дээ. Гэхдээ л монгол хүний хувьд БНМАУ-ын нутаг дэвсгэрт Зөвлөлт улс нууц концессоор эзэмшдэг Урааны ил уурхайн хотхоны ажилчдын тосгонд нэвтрэх бол бол ховорхон тохиол. Миний эрхэлсэн ажлын нэр хүнд, бас М.Горбачевын “Өөрчлөн байгуулалт” ил тод байдлын л урь ханхалж байсны үр юм даа. 

      Нөгөөдөр нь гэртээ бөөн олз омогтой амьтан буулаа. Амттан, чихэр жимсийг хүүхдүүдээ өгснөөс гадна, тэр үеийн “Үнэн” сонины аж ахуйн хашаанд амьдарч байсан яруу найрагч Ш.Бадарч, шог зохиолч Б.Ерэнтэй, сэтгүүлч Т.Цоож гээд айл хотлоороо хувааж амссан бөлгөө. Улаанбаатарт мал маллахыг зөвшөөрдөггүй болохоор эдгээр айлууд хоёр толгойтой ишиг энээ тэрээтэй болох боломжгүй. Харин хүмүүс нь эсэн мэнд бөгөөд хэвийн үржсээр ажгуу.

     Тэр жил, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Ч.Сүрэн зохиолчидтой уулзалт хийв. Өөрчлөн байгуулалтын үрээр чөлөөтэй ярихаа байг гэхэд чөлөөтэй асууж болдог болсон цаг. Зохиолчдын хорооны хурлын танхимд болсон уг уулзалт дээр, хэн ч билээ нэг нь
-Мардай гэж нууц хотхоноос оросууд уран нууцаар зөөгөөд байдаг гэж дууллаа. Энэ ямар учиртай вэ гэж асуусан юм.

Сүрэн дарга мөрөө хавчснаа

-Ямар газар гэнэ ээ… Мардай? Ёстой дуулаагүй юм байна хэмээн мэлзэж билээ. 

Улсын чухал нууц хэвээрээ байсан цаг.

Харин, чи өөрөө босоод, тийм газар байдаг, би очсон гэхгүй яасан юм бэ, айсан уу гэж үү?

Айсан, гэхдээ намайг тийш нь аваачсан Жамц гуай, түүний ангийн найз хоёрыг хөлдөө чирэхээс л болгоомжилсон хэрэг. “Хэн энэ үл бүтэх нөхрийг тийш нь аваачсан бэ” гэдгээс л хэрэг явдал эхлэнэ шүү дээ.

Улс төрийн цацраг идэвхит ураан.

Манайхны Мардайгаар нь дуудаж заншсан “Эрдэс” хэмээх Ураны үйлдвэр 1988-1995 он хүртэлх хугацаанд ил уурхайн аргаар олборлолт явуулсан бөгөөд 0,118 хувийн агууламжтай, урааны ислийн хүдэр олборлож байжээ. Нийтдээ 600.000 шахам тонн хүдрийг тусгайлан байгуулсан төмөр замаар шууд ЗХУ руу зөөж боловсруулсан байдаг.

Чернобылийн осол, социалист системийн задрал зэрэг дэлхий дахины үйл явдлаас болоод Мардайн урааны ил уурхай саатаж, Оросууд орхин гарч явсан. Нэг хэсэгтээ түүнийг хэнч сонирхсонгүй, хүн мал хордсон тухай ямар ч яриа хөөрөө гарсангүй.

       Зөвлөлтүүд орхин явсан талбай болон бусад газарт гуравдагч этгээд хайгуул хийж эхлэх үед ч нэг хэсэгтээ нам гүм байсан. Мардай хавиар бэлчих мал, нутаглах хүн ардад илүү эрхтэн ургасан явдал гарсангүй л.

      Харин Монголын ураны ордыг Франц зэрэг өрнөдийн ордууд хамтран ашиглах нь тодорхой болоод ирмэгц гэнэтхэн хайгуулын нутаг дэвсгэрт “мал хордох, ялангуяа үхэр эрт нас барах, илүү толгойтой төл гарах” зэрэг асуудал гарч ирэв. Хачирхалтай нь хүнд ямар ч хоргүй юм уу, Дорнод бүсийнхэнтэй гэрлэхээс хэн ч айхгүй байгаа бөгөөд багачууд нэг л хар толгойтой төрж, хичээл номдоо сайн явж байгаа билээ.

     “Ганган хүнд гархи нэмэр, галзуу хүнд салхи нэмэр” гэгчээр Фукушимагийн АЦС-т газар хөдлөлтийн улмаас осол гарсан явдал ч сайхан нэрмээс болсон доо. Хачирхалтай нь, Фукушимагийнхаа ослын талаар тэндээ дуугардаггүй япон хүн хүртэл монгол малын төлөө нойр нь хүрэхээ байчихаад, Улаанбаатарт айлчлан ирж жагсахыг хардаг байгаа. Билгүүн номч Б.Ринчин гуай нэгэнтээ "Чихтэй толгой чирж явбал, чивтэй чавганц үзнэ" хэмээн дуу алдсан байдагсан.

  Үнэн хэрэгтээ Дорнод нутгийн урааны энэ “хорт цацраг” бол цөмийн цацраг бус, харин том гүрнүүдийн улс төрийн бодлогын цацраг бөлгөө. Түүнд мал гэхээсээ илүү монголын эдийн засаг хордон мутацид орж байгаа гэхэд бас болно. 

     Үнэхээр буруу, худал хуурмаг зүйлсийг олон нийтээрээ мэдсээр байж сөрөх, үгүйсгэх чадамжгүй байгаа нь нийгмийн оюун санаа хоёрдогч этгээдийн үзэл суртлын дарамтаас гарч чадахгүй яваагийн илрэл гэлтэй. Гунигтайяа!

Мардай дах урааны ил уурхайгаас ачсан хүдрийг Зөвлөлт рүү зөөх нууц төмөр замыг барьж байгаа нь. ( Архивын фото)

   Мардайн Эрдэс хотхоны орос дэлгүүрээс авсан жинс, шинэхэн цамцаар гангарсаар ажилдаа очиж байсан тэр өдрөөс гуч гаруй жил өнгөрчээ. Ураны ил уурхайтай нутагт эрүүлжин таргалж байсан БНМАУ-ын монгол мал сүрэг өнөөдөр Дорноговьд ердөө урааны хайгуул хийхээр л мөч, толгой нь салаалаад байгаа гэх мэдээлэл, түүнийг эсэргүүцсэн жагсаал зэргийг гайхан харж суудаг даа…Үнэн хэрэгтээ, Уранаа баруунхантай хамтран ашиглах гэсэн Монголчуудын сонирхол, Монголын ураныг өрнөдтэй хуваалцалгүй үлдээх гэсэн хөрш орны бодлого хоёрын мөргөлдөөнд л хүн малгүй хордож байгаа нь тэр санагддаг.

… Нээрээ би, фельетон бичдэг болсон нь тээр жил Мардай орохдоо мутацилагдсны шинж байж болох уу?

                                                                                                                                    2021.4.19 

Эх сурвалж: www.baavar.mn