Хоёр. Малдаа толгойгоо мэдүүлсэн “хүн”
Монголчууд цөөхүүлээ мөртлөө, эзэмших эзэмшихгүй нь хамаагүй асар том нутагт дуртай. Гэхдээ, тодорхой газар нутгийг сахисаар байгаад дуусна гэхгүй. Ган гачиг тохиовол идээшиж дассан нутгаа эзэнгүй орхиход бэлэн. Космополитууд “Чи хаана баймаар байна, тэнд чиний эх орон бий” гэдэг шиг малчин нүүдэлчид “хаана сайхан бэлчээр байна, аль нутагт мал таргалж, онд орохоор байна, тэр чиний нутаг” гэсэн философитой. Суурин иргэд бизнес, зах зээлийн боломж, эдийн засгийн эргэлтийн цэгүүдийг дагаж нутагших эрмэлзэлтэй бол малчид малынхаа аясыг дагах хандлагатай. Нүүдэлчдийн эх орныг хүн нь биш мал нь сонгож өгдөг гэсэн ч болно.
Мандан бадарсан тал нутгаа орхиод Өрнөдийг зорьсон Хүннү нарын нүүдлийн учир шалтгааныг ч нутаг бэлчээрийн эрэл гэж судлаачид хэлдэг. Ижил мөрийн хөндий рүү тив алгасан отор хийсэн Торгууд, Халимаг нарын тийш одсон учир шалтгаан ч тэр мэт.
Өнөөгийн бид нар Алтай, Хянганы завсарт тэсээд үлдсэн, харин Хүннү , Халимаг нар халиад нүүсэн ч бүгд бэлчээрээс хамаарчээ. Өөрөөр хэлбэл, бидний эх орон энд байхыг, тэднийх тийшээ очихыг мал нь шийдсэн гэхэд болно.
Өсч төрсөн нутгаасаа халин нүүхгүй, нүүлээ ч өвөг дээдсийн гал голомтоос холдохгүй байхад нэг юм хэрэгтэй. Энэ бол бэлчээр, эзэнгүй бэлчээр. Хэзээ хэрэг болох нь мэдэгдэхгүй, ер нь хэрэг болохгүй ч байж мэдэх асар уудам нутаг хажууд нь цэлийж байх нь нүүдэлчний сэтгэл ханамжийн нэг баталгаа. Монголчууд эзэнгүй бэлчээр, отрын нутагт өөр нэг малчин ороод ирэхэд дургүй ч гэсэн, тэвчээд байж чаддаг. Учир нь тэр хэзээ нэгэн цагт нүүгээд явна.
Харин тэнд нь суурин иргэд нутагших, шинээр хот балгад байгуулахад дургүй төдийгүй, дайсагнан үзнэ. Суурин иргэд хэзээ ч тэндээсээ нүүхгүй тул отрын нутаг нэгээр хорогдож байна гэсэн хармын сэтгэлээр ханддаг. Өөрсдөө ч бүтээн байгуулалт хийх сонирхолгүй. Малынхаа аясыг дагаад нүүхдээ ямар ч сайхан байшин савыг хаяад нүүнэ.
Шинэ Монголын утга зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдоржийн “Миний нутаг” найраглалд “Дөрвөн цагийн улиралд, Дураараа нүүх нутагтай” гэсэн мөр байдаг нь дээрх үзэл санааг илэрхийлсэн хэрэг.
Шинэ үеийн ногоон хөдөлгөөнийхний хөдөлгөгч хүч нь нэг талаасаа бэлчээрээ харамласан нүүдэлчин ардуудын эсэргүүцэл, малчдын нэр барьсан төрийн бусчуудын сонирхлын нийлбэр болов.
Нутагт нь үйлдвэр уурхай байгуулах явдлыг малчид шууд л бэлчээр булааж байна гэж хардаг. Ялангуяа , гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр уурхайг бол яг л харийнхан ирээд нутаг бэлчээрийг нь түрэмгийлэн булаан утгаар хүлээн авна.
Дээр нь малчдын тойргоос сонгогддог улс төрчид "бэлчээр нутгийн эзэн нь (бүүр өмчлөгч гэдэг утгаар) малчид мөн", "малчид л эх орныхоо эзгүй газрыг манаж байна. Тэгээгүй бол эзгүй нутгийг хятадууд (оросууд биш гэж байгаа юм шүү) эзлээд суучих байлаа" хэмээн нүүдэлчдийг хошгируулна. Улс орны хилийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг хилийн цэрэг хамгаалдаг гэж тайлбарлаад нэмэргүй. Бэлчээр нутаг бол бүх ард түмний, жишээлэхэд Баян-Өлгийн баян Бэк-ээс, Халх голын Хандаа хүртэл, Улаанбаатарын Ууганбаяраас, Улаан тайгын Дулмаад хүртэл хамаатай өмч гэж учирлабал зодуулж мэднэ. Яван явсаар хээр талыг хэдэн хоньчин өмчилдөг бөгөөд бүх ард түмний төр засаг ямар нэгэн юм хийх гэвэл тэдний зөвшөөрөлгүйгээр бүтэхгүй маягтай болоод ирлээ.
Яг энэ үзэл санааг Монгол дахь барууны хөрөнгө оруулагчдын эсрэг хөдөлгөөний хөдөлгөгч хүч болгон ашигласаар ирлээ. Ингээд, бэлчээрийн даац хэтэрснээс үүдсэн цөлжилт, дэлхийн дулаарлаас шалтгаалсан хуурайшлаас эхлээд малын зүй ёсны хорогдлыг хүртэл Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбартай холбон харааж зүхэх болов.
Аль ч газар малынхаа төлийг байтугаа, хүүхдийн эндэгдлийг тэглэсэн туршлага үгүй. БНМАУ-ын үед ч гэсэн 100 хээлтэгчээс хурга 90 орчим, унага ботго 75 орчмыг эсэн мэнд бойжуулах зорилттой байлаа. Тэр үедурааны уурхайтай Дорнодоос барууун хязгаар хүртэлх нутагт ижилхэн ийм л зорилт байв.
Гэтэл XXI зууны эхээр монгол малын физиологи үзэл сурталжаад явчихлаа. Урааны хайгуул хийж байгаа нутагт гарсан төл 100 хувь бойжихгүй байгаа учраас Ариава-г хөөж гаргах хэрэгтэй болсон ба Эрдэнэтийн зэсийн уурхайн овоолгын дэргэд энх эсэн бойжиж байсан монгол мал Оюутолгойн уурхайн газрын гүний ус ашиглаж буйг эздийнхээ ярианаас “ойлгож мэдээд” эрт нас барцгаах аж. Үнэн байдал бол тийм биш.
Малчин нүүдэлчин ардуудын хотшил суурьшлаас бэлчээрээ хамгаалахэртний зөн өнөөгийн иргэншсэн ертөнцийн алхаатай зөрчилдөж буйг тодорхой сонирхол бүхий гадаад тал, тэдэнд санаатай болон санаандгүй үйлчилж буй монголчууд ашиглаж байна. Ашиглахдаа, Монгол улсыг гуравдахь хөрштэй болох, эдийн засгийн хувьд тусгаар тогтнох, түүндээ дөрөөлөн улстөрийн хувьд хэнээс ч хамааралгүй болохын эсрэг хөдөлгөөн болгон “жолоодож” байгаа юм.
Манай иргэд, төр засгийн удирдагчдаа улс төрийн зоригтой байхыг шаардах дуртай. Том гүрний өөдөөс толгой өргөж байгаад ярихыг хүсэмжлэх маягтай. Гэхдээ, том гүрний өөдөөс эгц хардаг болоход улс төрийн зориг хэрэг болдоггүй гэдгийг олж харахгүй байна. Харин “эдийн засгийн зориг” хэрэг болдог.
Жишээ нь, Монголоос сүүлдэж ураан ашиглаж эхлээд түрүүлээд явчихсан Казахстаныг хар. Ерөнхийлөгч нь Путинтай зэрэгцэж суугаад “Донецкийг өөртөө нэгтгэхийг чинь зөвшөөрөхгүй “ гэж хэлж чадаж байгаа юм даа. Дэлхийн урааны зах зээлийн том тоглогчийн нэг болсон улсын эзэнд ийм боломж байгаа юм. Манайд ийм боломж байсан ч бид “өөрснөө” эсэргүүцээд нэг ч алхуулаагүй.
Улс орон эдийн засаг нь тусгаар тогтнож байж улс төр нь тусгаар тогтнодог. Монголын эдийн засгийн тусгаар тогтнол олон малаар биш уул уурхайгаар дамжиж босно. Энэ маргашгүй. Малаа өсөхөөр сайжирдаг юм бол 70 сая малтай болоод үнэгүйгээ байг гэхэд, хямд мах идэж чадаж байна уу, бод доо !
Тэгэхээр монголдашигтай, хариуцлагатай уул уурхайг ашиглахын эсрэг тэмцэл бол Эх орны эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг тэмцэл.Эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг тэмцэл бол Монгол улс улстөрийн хувьд тусгаар тогтнохын эсрэг тэмцэл. Юуны ч нэр барьсан, ямар ч ариун тунхаг хэлсэн байг хамаагүй Монгол улсын тусгаар тогтнолын эсрэг тэмцэл.
Монгол орон зөвхөн малаа маллаад цаашаа хөгжихгүй гэдгийг 1911 оны тусгаар тогтнолын хувьсгалын эцгүүд ч, 1921 оны ардын хувьсгалын хийсэн хүмүүс ч ойлгож байсан. Тэдний “Оросыг дагаж хөгжих”, “Үлгэрлэвээс, Швейцарь лугаа адил хөгжих” санаанаас эхлээд хамтралжуулах, нэгдэлжих хөдөлгөөн, “хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орноос-аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох намын прогррамм” бүгд л мал бэлчээр хоёроос бус харин аж үйлдвэрээс хамаарсан улс болох бүтэн зууны мөрөөдлийн илэрхийлэл байсан.
Дашрамд хэлэхэд, малгүй болох тухай ярьж байгаа юм биш, мал нь хүнийхээ хувь заяаг шийддэг байхаа болих тухай л яриа юм шүү. Манай парламент хүртэл малын бэлчээрт ногдуулан хуваасан мандаттай шүү дээ. Ийм учраас л Улаанбаатарын 30 мянган сонгогч тутмын эрх ашгийг нэг гишүүн төлөөлдөг, харин хөдөөгийн бэлчээрт 10 мянган иргэн дундаасаа нэг депутат сонгодог. Хөдөөний нэг хүний эрх ашиг, хотын гурван хүнийхтэй тэнцэж байгаа нь ямрав дээ, хэн минь.
үргэлжлэл бий.
Эх сурвалж: baavar.mn