Мон-Атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалтай ураны хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.

-Засгийн газраас тавдугаар сард ураны төсөлд Францтай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн гишүүд зургадугаар сард хайгуулын талбайд ажилласан. Тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээг намар хийнэ гэж хэлж байлаа. Ингээд юу юугүй намар хаяанд иржээ. Гэрээ боловсруулах ажил хэр явж байна вэ?

-Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш санхүү, хууль эрх зүй, байгаль орчин орон нутаг гэсэн гурван чиглэлд ажлын дэд хэсэг байгуулж, гэрээ боловсруулах процесс үргэлжилж байна. Гэрээг байгуулахдаа баримтлах гол хууль нь 2009 онд баталсан Цөмийн энергийн тухай хууль юм. Энэ хуулиар гэрээг Монгол Улсын Засгийн газар, Франц улсын Засгийн газар хооронд байгуулна. Хоёр улс гэрээ хийнэ, компаниуд хийхгүй. Зарчим нь энэ. Ажлын хэсэг гэрээг боловсруулаад Засгийн газрын хуралдаанд оруулна. Ингээд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулах учиртай. Тэгэхээр чуулган эхэлж байж эцэслэгдэнэ. Ажил бодсоныг бодоход хурдан явж байгаа. Францын талын ажлын хэсгийн ахлагч өчигдөр Монгол Улсад ирсэн. Монголд ирсэн энэ хүн бүгдийг нь төлөөлнө. Наймдугаар сард францууд амардаг учраас одоо л ажил нь эхэлж байна. Нөгөө талаас хүлээгдэх асуудал бас бий.

-Байнгын хороогоор хэлэлцээд нэгдсэн хуралдаанаар оруулах шаардлагагүй юм байна, тийм үү?

-Тийм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн заалт одоогийн хуульд байхгүй. Байнгын хороо дэмжчихвэл Засгийн газар нь гэрээгээ байгуулна гэсэн үг. -Асуудал байнгын хороогоор орох учир 10, 11 дүгээр сараас наашгүй болох нь ээ?

-Бид чадахаараа ажиллаж байна. Болж өгвөл аравдугаар сард Ерөнхийлөгчийн Франц улсад хийх албан ёсны айлчлалаар тодорхой хэмжээнд үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Энэ нь гэрээг эцэслэн зурна гэсэн үг биш шүү. Ахиц гарна гэж харж байна. Ерөнхийдөө нохойн дуу ойртож байна. Хөрөнгө оруулалтын хэмжээг одоогийн байдлаар тэрбум 611 сая ам.доллар гэж тооцоолж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ эцэслэн тогтоогүй байна. Учир нь, ТЭЗҮ-ээс болон санхүүгийн моделиос хамааран бага зэрэг өөрчлөгдөх боломжтой. ТЭЗҮ-ийг Ашигт малтмал газрын тосны газар руу шилжүүлсэн. Экспертүүд нь дүгнэлтээ хийгээд гарын үсгээ зурчихвал Эрдэс баялгийн зөвлөлд хоёр дахь шатны сонсгол хийгээд эцэслэнэ.

-Нөгөө талын ажлын хэсэг манай талаас хүсэж, гэрээндээ үүнийг оруулъя гэх зэргээр санал гаргаж байгаа зүйл бий юү?

-Францын тал хөрөнгө оруулалтын гэрээг аль болох хурдан хийе, хугацаа бага байна гэсэн байр суурийг илэрхийлж байна. Хөрөнгө оруулалтын гэрээг баталснаар олон ач холбогдолтой. Нэгд, улс төрийн талаас харвал энэ бол гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалтын нэг. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний дараа орохоор дүн байгаа юм. Франц бол цөмийн зэвсэгтэй улсуудын нэгээс гадна Европын холбоонд чухал нөлөөтэй улс. Энэ улсаас хөрөнгө оруулалт татаж буй нь өөрөө хамгийн чухал ач холбогдол. Гэрээг бид хувь хүнтэй ч юм уу, нэг компанитай хийхгүй, Засгийн газартай хийнэ. "Орано" компанийн 85 хувь нь төрийн өмч, үлдсэн 15 хувийг төрийн өмчийн компаниуд эзэмшдэг. Энэ утгаараа энэ гэрээ бол хоёр орны харилцааны асуудал болж байгаа юм. Хоёрт, Францын ураны салбарын технологи дэлхийд тэргүүлдэг. Манай улсад ураны салбарт дэлхийд тэргүүлэх технологи орж ирж нутагшина гэсэн үг. Гуравт, ажлын байр нэмэгдэнэ. Одоогийн тооцоолж байгаагаар 1600 гаруй ажлын байр орон нутагт бий болно. Өмнө нь байгуулсан орд ашиглах гэрээгээр ажилчдын 98 хувь нь монгол хүн байх ёстой. Гаднын хүмүүс орж ирж ажиллахгүй. Дээрээс нь туслан гүйцэтгэх компаниудад 500-600 гаруй ажлын байр бий болно.

-Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд хэр байх вэ?

-Уран олборлох Зөөвч-Овоо орд нь нөөцийн хэмжээгээрээ дэлхийд эхний 10-т ордог топ уурхай юм. Жилдээ 2500 тонныг үйлдвэрлэнэ. Энэ бол дэлхийд байгаа ураны үйлдвэрүүдийн хэмжээнд томд тооцогдох тоо.

-Экспорт зөвхөн Франц руу байх уу?

-Тийм ээ. -Ураны асуудал яригдахаар хор хөнөөлийнх нь асуудал дагалдаж явдаг.

Ялангуяа цөмийн хог хаягдлыг Монгол Улсын газар нутаг дээр булах гэж байна гээд яригддаг шүү дээ?

-Уран гээд ярихаар манай иргэд, олон нийт шууд л атомын цахилгаан станц, атомын бөмбөг гэж ойлгодог. Манайд энэ асуудал одоохондоо хамаагүй. Манайд атомын цахилгаан станц байхгүй, атомын бөмбөг байхгүй, үйлдвэрлэдэггүй. Бид цөмийн цахилгаан станцад хэрэглэдэг анхан шатны түүхий эд үйлдвэрлэх юм. Энэ түүхий эдийг байгальд ээлтэй аргаар газар дороос аюулгүй гаргах нь манай асуудал. Энэ түүхий эд нь бүрэн боловсруулсан бус анхан шатны түүхий эд буюу ямар ч хор хөнөөлгүй шар нунтаг. Энэ хэзээ хор хөнөөлтэй болдог вэ гэхээр Францад аваачаад баяжуулсан тохиолдолд аюултай болно. Ингэж баяжуулаад атомын цахилгаан станцдаа хэрэглэнэ. Үүнээс гарах хог хаягдал бидэнд ямар ч хамаа байхгүй. Франц үүнийг өөрсдөө хариуцна. Бид зөвхөн анхан шатны бүтээгдэхүүн гаргаж байгаа учир ахуйн хэрэглээний хог хаягдал л гарна. Монгол дахь ураны ордын ашиглалтын лиценз бүгд шүүх дээр маргаантай байгаа.

-Орон нутгийн болон иргэнийн нийгмийн байгууллагуудын эсэргүүцэл эхэлсэн байна лээ. Үүнийг хэрхэн хүлээж авч байна?

-Байнга л эсэргүүцэл гардаг. Нэг талаас үүнийг буруутгаж болохгүй. Тэд ярьдаг зүйлсээ л ярьдаг. Өгч байгаа мэдээлэл нь маш буруу. Тухайлбал, газрын гүн рүү 100 хувийн хүхрийн хүчил шахаж, 30-40 жил байлгаж байгаад татаж авдаг гэж мэдээлсэн. Үнэндээ уусган олборлох аргын хүрээнд шахаж буй шингэнд эзлэх хүхрийн хүчлийн хэмжээ нь хоёр хувь, үлдсэн нь ус байгаа юм. Хүн, мал төрж чадахгүй, төрсөн ч тахир дутуу төрөөд, хэдэн зуугаараа үхэж байна гэж мэдээлсэн. Гэтэл ураны хайгуулын талбай орчим нутгийн айлууд зүгээр л амьдардаг, гүний худагнаасаа усаа уудаг. Мянгат малчин айл ч бий. Тэр хавийн айлуудаас Алтан төл, Алтан ботгоны эзэн ч төрж байсан. Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харахаар хэвийн байгаад байдаг. Тэднээс судалгаа чинь хаана байна аа, 10 мал тутмын хэд нь тэгж төрөөд байгаа юм гээд асуухаар хариулдаггүй. Тэднийг нэвтрүүлэгт оролцооч гэж уриад эсвэл ураны үйлдвэр дээр очоод үзээч ээ гэхээр үздэггүй. Сүүлд дөрөвдүгээр сард Цэгмид тэргүүтэй хүмүүс ажлын талбай дээр очсон. Тэр үед за та бүхэн асуух зүйлээ асуу гэхэд юу ч асуугаагүй. Иргэний нийгмийн байгууллагууд гадаадаас Монголд ураны чиглэлээр ажиллаж буй газруудыг шүүхэд өгөөд лицензийг нь цуцлуулчихдаг тохиолдол гарсаар байна. Шүүх гэдэг бие даасан институт тул Засгийн газар нөлөөлж чадахгүй. Ураны хор хөнөөлөөс болж байгаль орчин сүйдэж, мал үхэж байна гэж нөгөө л ярьдаг сэдвээрээ шүүхэд ханддаг. Манай улсад одоогийн байдлаар нийт ашиглалтын таван лиценз, хайгуулын гурван лиценз бий. Тэд бүгдээрээ ийм маргааны асуудалтай. Бүгдээрээ иргэний нийгмийн байгууллагын нэхэмжлэхтэй.

-Тийм үү. Одоо гэрээ байгуулах гээд байгаа Зөөвч-Овоо ордын лиценз ч бас шүүх дээр маргаантай байгаа юу?

-Тийм ээ. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд маргаантай байгаа. Гэхдээ шүүхэд ялна гэж итгэж байна. Францууд хор хохиролтой зүйл хийсэн юм байхгүй. Чехийн нэг компанийн лицензийг шүүхээс цуцалсан тохиолдол гарсан. Иргэний нийгмийн байгууллага ингэж шүүхэд хандсаныг бид үгүйсгэхгүй л дээ. Хууль журмынхаа дагуу шийдэгдээд явах байх. Үнэндээ шүүх яаж шийдэхийг мэдэхгүй шүү дээ, аюултай.

-Манай улсын ураны батлагдсан нөөц 193 мянган тонн гэдэг. Цаашлаад ураны салбарт өөр хөрөнгө оруулалт орж ирэх боломж хэр байгаа вэ?

-Орж ирнэ. Энэ салбарт Францтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ дараа дараагийн хөрөнгө оруулалтыг шийднэ. Бид гэрээгээ зөв хийвэл дагаад бусад орнууд ч хийх сонирхолтой болно. Хамгийн гол нь Франц ураны салбарт тэргүүлдэг улс учраас энэ гэрээг хэрхэн хийх бол гэдгийг дэлхийн ураны салбар харж, хүлээлтийн байдалтай байна. Энэ гэрээг сайн хийж чадвал энэ салбарын хөрөнгө оруулагчид бидэнд итгэж эхэлнэ.

-Ураны чиглэлд ер нь ямар улсууд манай улсыг сонирхож байна вэ?

-Чех улс манай улсад ураны төсөл хэрэгжүүлдэг. Францын төслийн дараа орохуйц том төсөл. Дундговь аймгийн Гурвансайхан суманд байдаг. Чех дөрвөн ашиглалтын лиценз эзэмшдэг байснаас хамгийн том лиценз болох Өлзийтийн лицензийг нь саяхан шүүхээс цуцалсан. Ураны салбарт нэг онцлог бий. Ураны бизнесийг хамгийн өндөр хөгжсөн орнууд л хийдэг. Дэлхийд урантай маш цөөхөн орон бий.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: itoim.mn