Нэг. Эдийн засгийн эсэргүү бослого

      ХХ зууны сүүлийн хагас. Монгол хэлнээ “цацраг туяа эмнэлэг”гэдэг үг хэвшиж байхад дорнод Монголын талд урааны хайгуул хийгдэж, анхны нууц уурхай ашиглалтад орж байлаа. Хүйтэн дайны үе үүнтэй давхцаж таарсан тул Америкчууд хүн төрөлхтнийг устгахаар бэлтгэсэн цөмийн бөмбөгийн тухай сурталчилгаа үүнтэй зэрэгцэв. Хорт хавдрыг эмчлэхэд хэрэгтэйгээс гадна, хүн алахад хэрэглэдэг “цацраг” гэдэг зүйлийг нүүдэлчид ийнхүү ойлгож авлаа. Малчин, ажилчин, ухамсартай сэхээтний социалист Монголын иргэд “Манай талын цацраг идэвхт бодис эрүүл энхэд үйлчилдэг. Харин Америкийн талын радиац бөмбөг болж хүн алдаг” гэх маягийн бүдүүвч томъёололтой үлдэв.

Манай уран бүтээлчид Америкийн атомын бөмбөгт хэлэгдсэн охины дурсгалд зориулсан дуу шүлэг олноор зохиов. Баяр наадмын концертийн хөтөлбөрт заавал ордог нэгэн сонгодог дуунд:

Дайсан биднээс далдуур

Дарь хүхрээ бэлдэн байж

Алаг үрсийн минь толгой дээр

Атомын бөмбөг зэхэж байнаа хө хэмээн гарна.

  Цөмийн бөмбөг хийхэд их хэмжээний дарь бас хүхэр ордог, тэрийгээ далдуур бэлдэж авдаг байсан байх нь ээ.

Харин Мардайн урааны "ач тусын тухай” дуу бол гараагүй, яагаад гэвэл уурхай нууц байсан. Нууц дуу зохиолтой биш, тийм үү?

      Харин Урааныг хайж эрэх судлах явцад байтугаа, олборлоход хор хөнөөл гардаг тухай ямар ч үг хэл БНМАУ-д гарч байгаагүй юм. Дорнод аймаг дахь Мардайн урааны уурхай улсын нууцад байсан нь байгаль орчинд хортой зүйлийг олон түмнээс нууж байсан хэрэг биш. Харин, цөмийн зэвсгийн түүхий эд олборлож байгаа “Монгол-Зөвлөлтийн ах дүүгийн нууц”-ыг Америк, ялангуяа Хятад мэдэх учиргүй гэсэн үзэл суртлаар тайлбарлагдана. Харамсалтай нь, нууцын эзэн Монголчууд л үүнийг мэдэх хориотой, мэдсэн бол ярих хориотой байснаас биш дэлхий даяараа л андахгүй байсан юм.

    Ерээд оны заагаар дэлхийн социалист систем задарч, түүний цөм байсан ЗХУ тарав. Тэд БНМАУ-д нууц концессоор ашиглаж байсан Мардайн уурхайгаа хаялаа. Монгол ч энэ далимд эрх чөлөө, ардчиллын замаар орж ирлээ.

    Одоо, цацраг идэвхит бодисыг эргэцүүлэх, Дорнодын ураан байгаль орчинд хортой эсэх талаар чөлөөтэй ярих боломж нээгдэв. 

    "Нээлттэй хаалга"-аа тунхагласан Монгол орныг дэлхий дахинд нээлттэй эрх чөлөөт улс байгаа юм байна гэж бодсон, улмаар Засгийн газраас зарласан “Гуравдагч хөршийн бодлого”-д нь үнэмшсэн хөрөнгө оруулагчид бөөнөөрөө орж ирсэн байдаг, энэ үеэр. 

   Хоёр мянганы заагаар олон улсын ажиглагчид Монголыг ирээдүйг маш өөдрөгөөр харж, маргаашийн Кувейттэй зүйрлэн “Воол стрийт жорнал” нэг дугаараа энэ сэдэвт зориулж хүртэл байлаа. Гэтэл юм бүхэн нэг л сониноор эргээд явчих нь тэр. 2000-аад оны заагаар, 

   Орос удирдлагад хуучин КГБ-ын зүтгэлтнүүд гарч ирснээр Зөвлөлтийн үеийн нөлөөллийн бүсээ сэргээх,хуучин дагуул улсуудаа эргүүлэн цуглуулах (БНМАУ нь Зөвлөлтийн сателлит буюу Москва захиргаатай формаль тусгаар тогтнолтой улс байсныг сануулах юун) хадгалах бодлого баримталж эхлэв. Үүнийгээ ч тэд нуусангүй, “Зөвлөлт Холбоот улс тарсан нь сүйрэл байсан” гэсэн ярилцлага хүртэл өглөө.Одоо тэд сүйрлийн хохирлыг арилгах нээ. Яаж гэдгийг хэн ч төсөөлөөгүй боловч энэ бодлогын хэрэгжилтийн оргил нь өнөөгийн Украйны дайн болоод байгааг дэлхий даяараа харж байна. 

    Зөвлөлт маягийн шинэ Орос улсыг сэргээх үзэл санаанд нэг объект, Москвагийн хуучин дагуул асан Монгол улсад Америк, Канад, Францын хөрөнгө оруулагчид ороод ирсэн байв. Тэр үед. Тэр ч бүү хэл, Монголчууд Эгийн гол дээр УЦС бариад гэрэл цахилгааны хувьд Оросын хараат байдлаас бүрмөсөн гарах дээрээ тулсан байсан цаг. УЦС-ын шав тавих ёслолд оролцохоор Малайзын ерөнхий сайд Мхатир хүрэлцэн ирлээ.

   Гэнэт ар араасаа сонин сонин үйл явдлууд өрнөж, ид шидийн гэмээр хүчээр Эгийн голын УЦС нуран унасан ба уг ажилд санаа тавин зүтгэж байсан Ардчилсан хувьсгалын эцэг С.Зориг алагдав. Эдгээр хэрэг явдалтай холбогдуулан УИХ-ын хэсэг гишүүн шоронд орж, зарим нь нас барлаа.( Эгийн голын УЦС-ын төсөл дээр амжилттай туршигдсан, Монгол улсын Эдийн засаг, эрчим хүчний тусгаар тогтнолын эсрэг тэмцэл өнөөдөр баруун бүсийг эрчим хүчээр учиртай, Ховд-Увсын зааг дээрх УЦС-ын эсрэг “Малчдын хөдөлгөөн” болон өөр үргэлжилж явна. Энэ УЦС баригдснаар манай улсын баруун бүсийн эрчим хүчний хангамж Оросын хараат байдлаас гарах юм)

    Чухам энэ үеэс л Монголд байгаль хамгаалах чиг баримжаатай төрийн бус байгууллага борооны дараахь мөөг шиг олширч зарим мэдээллээр 20 гаруй мянга болжээ. Ийнхүү монголын төрийг Засгийн газар нь бус тодорхой зорилго бүхий төрийн бус байгууллагууд “жолоодсон” хориод жил эхэлсэн юм.

     Европ, ялангуяа Зүүн Европын орнуудыг Оросын хийн нийлүүлэлтээс хамааралтай хэвээр байлгахын тулд тэндхийн “Ногоон хөдөлгөөн”-үүдийг Москвагаас асар их мөнгөөр санхүүжүүлж байсан баримт саяхан ил болсон билээ. Тэд “байгаль орчныг хамгаалах” нэрийн дор улс орноо оросын гаазнаас өөр эрчим хүчний эх үүсвэргүй байлгахын төлөө “тэмцэж” байсан нь ийнхүү илчлэгдсэн хэрэг.

    Манай зарим “ногоон” хөдөлгөөн, “улаан” эх орончдын байгаль ба эх орноо хамгаалах тугийн дор улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг ухамсартайгаар болон санаандгүй тэмцснийг харуулах санхүүгийн баримтууд ил гарах нь гагцхүү цаг хугацааны хэрэг юм.

   Тэдний хүсэл шаардлагаар8 Монголын төр гадаадын хөрөнгө оруулагчдыг шахсан хууль гаргалаа. Дааж давшгүй (68 хувь хүртэл татвар авахаас эхлээд, хөрөнгийнхээ талыг манайд бэлэглэх хүртэл заалттай ) татвар, төрийн албаныхны нэхэх авилга, эх оронч төрийн бусчуудын рэкээт энэ гурав нийлээд гадаадын хөрөнгө оруулагчдын “толгойг залгив” гээч боллоо. Мөнөөх “Сэрэлт” киноны маарамба “Орос эмч, галзуу Бумаа хоёр нийлээд ганц охины чинь толгойг залгиж дээ” гэж оношлодог шиг.

    Үүлэн чөлөөний нар шиг бяцхан сиймхийг ашиглан С.Баяр тэргүүтэй эвслийн Засгийн газрын хийж амсан гэрээгээр ажлаа нэгэнт эхлүүлсэн Оюутолгой,  тэвчээр заасаар өдий хүрсэн Францын “Ариава” зэрэг ганц нэгхэн  төсөл л тэсч үлдсэн билээ. 

    ХХ зууны болхи технологитой Эрдэнэтийн үйлдвэрийг бөөн магтаал, “ашиглалтад орохоор тэгж баяжна, ингэж жаргана” гэсэн суртал нэвтрүүлэг дунд барьж байсан бол өнөөдрийн байдлаар дэлхийд ганцхан супер технологи-уурхайн гүндээ хүдрээ боловсруулах Оюутолгойг бараг л хараал зүхэл дундуур ашиглаж эхэлж байна.

   Зүгээр ч үлдээгүй юмаа. Оюутолгойн гэрээг байгуулсан, уг гэрээг сунгахад оролцсон Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С. Баярцогт нарын олон улс төрч шоронд оров. Тэдэнтэй цуг Орос-Монголын төмөр замтай зэрэгцүүлэн Америкийн хөрөнгөөр төмөр зам барихыг оролдсон Да.Ганболд, Монголын эдийн тусгаар тогтнолын нэгэн багана болох учиртай “Таван толгой”-г хөдөлгөнгөө алдсан экс ерөнхий сайд М.Энхсайхан нар “дээлээ толгой дээгүүрээ” нөмрөв. 

    Мэдээж тэднийг “Оюутолгойн гэрээ байгуулсан”, “төмөр зам барих гэсэн” хэмээн яллаагүй ч, хэрэгтэн болгож харагдуулах, нийгэмд дайсан болгож үнэмшүүлэх ажлыг урт хугацаанд системтэй хийж ирсэн нь харагддаг.

   Ингээд ч зогссонгүй. Бурхан минь, энэ зуур Монгол улс “гуравдагч хөрш” гэдэг үгээ хэрэглэхээс түдгэлзэх, “Төвийг сахих бодлого”-оо ярихаа байх зэрэг нууц шийдвэр хүртэл аль хэдийнээ гарсан байгаа юм даа, ёстой нээрээ. 

  Үүнтэй зэрэгцэн Монголд “ногоон” хөдөлгөөн идэвжлээ. “Ногоон хөдөлгөөн”-үүдийн гол зорилго байгаль хамгаалах нэрийн дор тус улсад орж ирсэн гурав дахь орны хөрөнгө оруулагчдын эсрэг чиглэв. Монголд хөрөнгө оруулна гэхээр уул уурхайгаас өөр салбар байгаагүй нь сайхан далим боллоо. Үүн дээр хэд хэдэн хүчин зүйл сайхан далим болж ташуур өглөө. Юуны өмнө нүүдэлчдийн уламжлалт “бэлчээрээ харамлах” үзэл санаа гадаадын буюу Оросын биш хөрөнгө оруулагчдыг хөөх ажлын үзэл санааны туг болов. Улмаар, Малчдыг хамгаалах, эх орноо хамгаалахг эх мэтариун нэр барьсан “эсэргүүцэх боломжгүй” кампанит ажлаар нэр төр олохыг хүсэгсэд тэдэн дээр нэмэгдэв.

 Монголын эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг тэмцэлд санаандгүйгээр чухал үүрэг гүйцэтгэх болсон болсон бэлчээрээ харамлах үзэл санаа гэж юу вэ?

Энэ ийм учиртай юм...

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: baavar.mn