Монгол Улсын Засгийн газар болон Франц улсын төрийн өмчит “Орано групп”-ийн “Орано Майнинг С.А.С” хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өчигдөр УИХ-д өргөн барилаа. Энэхүү гэрээний төсөлтэй холбоотой асуудлаар Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргалтай ярилцлаа.
-Ураны “Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр УИХ-аар хэлэлцэх тов байна. Энэ гэрээ Оюу толгойн алдааг давтахгүйн тулд уян хатан нөхцөлтэй сайн гэрээ болсон талаар мэргэжлийн улсууд ам сайтай байсан. Францын “Орано Майнинг С.А.С”- тай ямар нөхцөлөөр тохиров?
-УИХ саяхан Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг баталсан. Энэ хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулагчдад уян хатан таатай орчин бүрдүүлэх үүднээс ураны гэрээний төслөө боловсруулсан. Өөрөөр хэлбэл, “Орано Майнинг”-тай байгуулах тус гэрээнд зориулан Цөмийн энергийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төсөлд Төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ-өөр орлуулах, давуу эрхийн 10 хувийн хувьцаа байхаар тусгасан. Тэгэхээр хуучин шиг заавал 34 хувь гэж хатуу заахгүй. Энэ удаад 34 хувиас доош байж болно гэж зөвшөөрсөн. Дэлхийд байхгүй өндөр хувийн AMHAT авахаар айлын талтай тохирлоо. Арван хувь нь давуу эрхтэй байх болохоор үлдсэн 24 хувиас нь өсөн нэмэгдэх АМНАТ авна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр газрын баялаг, түүний үр өгөөж дийлэнх буюу 50+1 хувь нь ард түмний мэдэлд байна гэж заасан. Тэгэхээр “Зөөвч-Овоо” төслөөс ард түмэн ийм үр өгөөж хүртэх агуулгад хөрөнгө оруулалтын гэрээг нийцүүлсэн. Санхүүгийн моделийг харвал монголчууд АМНАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ногдол ашиг, татвар төлбөр гэх мэтчилэн нийт 14 төрлийн үр өгөөж хүртэж байгаа. Францын “Орано Майнинг” компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээнд 43 жил уран олборлохоор тохиров. Үүнийхээ 33 жилд нь олборлолт явуулж, олборлолт дуусаад сүүлийн 10 жилд нь нөхөн сэргээлт хийнэ. Энэ болгонд Монголын ард түмний хүртэх үр өгөөж илүү байх юм. Улс төр талаасаа ч Оюу толгойтой байгуулсан алдааг давтахгүй байхад анхаарч ураны төслийн гэрээгээ боловсруулсан. Гэрээ хүчин төгөлдөр болоод үйл ажиллагаа эхэлмэгц Монгол Улс шууд АМНАТ аваад эхэлнэ.
-Бид дэлхийд байхгүй өндөр роялтиг Францын талаас авахаар болсон. Үүнд айлын тал ямар санал гаргасан бол?
-Анх бид дээд тал нь 5 хүртэлх хувийн роялти авдаг байсан. Цөмийн энергийн тухай хуульд өсөн нэмэгдэх шатлалаар 19 хувь хүртэл болголоо. Үнэхээр дэлхийд байхгүй татвар гэсэн үг. Казахстан хамгийн их урантай орон хэрнээ 5.5 хувийн роялти л авдаг. Тэгэхэд бид ийм хэмжээний татвар авна гэдэг бол хөрөнгө оруулагчидтайгаа тултал хэмжээнд гэрээлсэн гэсэн үг. Хамгийн гол нь эндээс Монголын ард түмний хүртэх үр өгөөж өндөр байх юм. Францын тал бидний саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Тэд манайхаас олборлосон ураны шар нунтгаа баяжуулаад цөмийн цахилгаан станцад түлш болгоно. Мэдээж тэд ашгаа тооцоолсон учраас манай саналыг хүлээн зөвшөөрсөн.
-Та ярилцлагынхаа эхэнд монголчууд ураны төслөөс 14 төрлийн үр өгөөж хүртэнэ гэлээ. Жишээлбэл, татвар, Баялгийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг ямар байхаар гэрээлсэн бэ?
- Өнгөрсөн хугацаанд жил бүр 1 тэрбум төгрөгийг өгч байгаагаас Улаанбадрах суманд 700 саяыг, 300 саяыг нь бусад сумдад өгч байгаа. Яг олборлож эхлээд 1 сая ам.доллар, олборлолт дуусаад буюу нөхөн сэргээлт хийхдээ жил бүр 1.1 сая ам.долларыг орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ. Нийтдээ 44 сая ам.долларыг өгнө.
-“Зөөвч-Овоо” төслийн шинэчилсэн ТЭЗҮ ямар шатандаа явна вэ? Ер нь ураныхаа үнийг хэдээр тогтоосон юм бол?
-Гурван жилийн өмнө анх уг төслийн ТЭЗҮ хийх тендерийг зарлаж, Монголын Уул уурхайн хүрээлэн шалгарсан. ТЭЗҮ-ийг монголчууд хийж байгаа нь маш зөв. Аль нэг гадны нөлөөнд автахгүйгээр. Өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж ТЭЗҮ-ээ боловсруулж байгаагаараа давуу талтай. Дэлхийн зах зээлд ураны үнэ байнга өсөн нэмэгдээд явж байгаа. Анх ТЭЗҮ хийж байхад ураны үнэ нэг фунт нь 21 ам.доллар байсан. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр уран фунт нь 70 доллар давсан байна. ТЭЗҮ дээр ураны үнийг нэг фунт нь 75 ам.доллар байхаар бариулж байгаа. Ураны үнэ их байх тусам Монголын талын үр өгөөж нэмэгдэнэ. Францын талтай ТЭЗҮ-ээ тохироод батлагдангуут гүйцэтгэх эдийн засгийн программ хөдөлж эхлэх юм.
-Төсөл хөдөлж эхлэнгүүт хэчнээн ажлын байр бий болох вэ?
-“Зөөвч-Овоо” төсөл дээр нийтдээ 1600 гаруй хүн ажиллана. Тэдний 90-ээс дээш хувь нь монголчууд байна. Зөвхөн арваадхан хувь нь гадаадын мэргэжилтнүүд ажиллах юм. Монгол ажилчдын сарын цалингийн дундаж хэмжээ 7-12 сая төгрөг байхаар ТЭЗҮ-д тусгасан. Ерөнхийдөө нийт ажилчдын 5 хувь нь орон нутгийн иргэд байна.
-Орон нутгийн иргэд энэ төслийг хамгийн их эсэргүүцэж байсан. Одоо тэдний ураны талаарх ойлголт, хандлага ямар болов?
-Төсөлтэй холбоотой ямар нэг эсэргүүцэл орон нутагт бүрэн арилсан. Аймаг, сумын удирдлага, хөрөнгө оруулагч гээд гурван талт зөвлөл байгуулагдаад сүүлийн дөрвөн жил ажиллаж байгаа. Зөвлөл байнга хуралдаж, малчид, нутгийн иргэдээс гарсан санал гомдлуудыг хүлээн авч, шийдвэрлэж ирсэн. Одоо орон нутгийн иргэд уран бол аюулгүй гэдгийг бүрэн ойлгосон. Янз бүрийн гадны нөлөөтэй турхиралтад их автдаг байснаа ч мэдсэн. Иргэдийг турхирч байсан улсууд ч үнэнд гүйцэгдлээ. Яг уурхайн аман дээрээс дөрөв, тавхан км-ийн зайд н.Энхбат гэдэг малчин өрхийнх байдаг. Энэ мянгат малчин залуу Алтан төлийн эзэн болсон. Хэрэв уран үнэхээр аюултай байсан бол тэр хүн юу гэж ингээд мал сүргээ өсгөж үржүүлээд, Алтан төлийн эзэн болоод сууж байх вэ дээ.
-Төслийн талбайд хэдий хэмжээний шар нунтаг хадгалагдаж байгаа вэ? Гэрээ батлагдмагц шууд зарах уу?
-Туршилтын үр дүнд олборлосон шар нунтгаа хөрөнгө оруулалтын гэрээ батлагдмагц зараад үр өгөөжийг нь хүртээд явна. Тэнд эдийн засгийн үзүүлэлтүүдээ шинэчлэх үүднээс хэдэн жилийн өмнө туршилтын үйлдвэр байгуулсан. Үнэхээр уран гэдэг чинь аюултай юм уу, үгүй юу, жилд хэдий хэмжээний шар нунтаг олборлож болох зэргийг тогтоох зорилготой. Ингээд 1.6 жилийн хугацаанд туршилтын үйлдвэр амжилттай ажиллангуут тэндээсээ ТЭЗҮ-ээ дахиж шинэчлээд Хөрөнгө оруулалтын гэрээ рүүгээ орж байгаа юм. Туршилтын үйлдвэрийн хугацаанд 10 тн шар нунтгийг олборлосон. Хэрэв манай улс атомын цахилгаан станцтай болбол Монгол Улсыг арван жил эрчим хүчээр хангах хэмжээний түүхий эд л дээ. Энгийнээр хэлбэл, цөмийн түлшний анхан шатны бүтээгдэхүүн энд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг жилд нэг портер шар нунтгаар л хангана. Тэгвэл тэнд хорь, гучин портер шар нунтаг байна. Хүмүүс шар нунтгаас цацраг идэвхт бодис ялгардаг, хүн хорддог гэж ойлгодог. Энэ бол өрөөсгөл ойлголт. Жишээлбэл, хүн томографын бүтэн биеийн шинжилгээ өгөхөд цацрагийн хэллэгээр 6 удаа шарлага биедээ авдаг. Харин шар нунтгийг гараараа барихад үүнээс гурав дахин бага шарлага авч байгаа юм. Тэрнээс нэг метр холдоход тэг заана. Онгоцоор нисэхэд хүртэл шар нунтгийн хажууд байснаас 10 дахин өндөр шарлага авч байгаа шүү дээ. Яагаад гэвэл онгоцоор нисэхэд наран дээр явагдаж байгаа химийн урвал цөмийн эрчим хүч байдаг. Озоны давхарга тэрнээс хамгаалдаг учраас бид аюулгүй байгаа юм. Харин дээшээ өндөрт гарах тусам хор нэмэгдэнэ. Тэгэхээр шар нунтаг аюултай гэдэг нь дандаа гадны зохион байгуулалтай явуулга. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг хөгжилд хүргэх мега төслүүдэд дандаа гацаах, зогсоох хорлонтой үйл ажиллагаа түлхүү явж ирлээ шүү дээ. Тийм болохоор ард түмэн тэр бүр шинжлэх ухаанч талын мэдээллээр хомс байх нь аргагүй юм.
-Монголчууд Оюу толгойн төслийг Эрдэнэт шиг том хот байгуулна гэсэн хүлээлттэй байсан. Харин “Зөөвч-Овоо” төслийн хувьд орон нутагт ямар бүтээн байгуулалт өрнүүлэх вэ?
-Тэнд нэг ч том машин явахгүй. Газрыг нь том, том экскаватороор ухахгүй. Зөвхөн 18 см диаметртэй трубаг 10-180 см метрийн гүн рүү оруулаад түүгээрээ дор байгаа ураныг гаргаж авч буй процесс шүү дээ. Байгаль сүйтгэхгүй, ээлтэй технологиор олборлолт явуулна. Трубаг сугалж авсны дараа нүхийг нь бөглөх л асуудал бий. Нэг ёсондоо байгалийн аясаар сэргэдэг процесс. Хөрөнгө оруулалтын гэрээнд нийтдээ 400 сая орчим ам.долларыг нөхөн сэргээлтэд зарцуулах юм. Хамгийн чухал нь Дорноговь аймгийг буюу говийн бүсийг хөгжүүлэх ажлыг хоёр талаасаа ярьж байгаа. Улаанбадрах суманд жил бүр татвараа хасаад нэг тэрбум төгрөгийг суулгана.
-Ингэхэд шар нунтгийг экспортлохдоо тээврийн асуудлыг нь яаж шийдэж байгаа вэ?
-Төмөр зам, далайн тээврээр зөөнө. Ерөнхийдөө урд хөршөөр дамжих юм. Нэг торх шар нунтаг 240 орчим кг жин татна гээд тооцохоор овор хэмжээ бага.
-Төслийн хүрээнд ямар хүчин чадалтай үйлдвэр байгуулагдах вэ?
-Жилд 2500 тн уран боловсруулах үйлдвэр байгуулна. Ингэснээр “Зөөвч-Овоо" төслийн уурхай дэлхийд эхний 5 дотор эрэмбэлэгдэнэ гэсэн үг.
М.ЦЭЦЭГ
ӨДРИЙН СОНИН 2024.12.26 Пүрэв гариг №244(7610)